Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХОВД АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2024-08-29
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн 79 багийн нутаг дэвсгэр дээрх 84 цэгт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг 2024 оны 08 дугаар сарын 10-15-ны хооронд зохион байгуулж, 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн арга зүйг боловсруулж багийн нутгаар нь тооцоолж, зураглалыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулан гаргасан.
Аймгийн хэмжээгээр зуншлага: Зуншлагын байдал 2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 50 орчим хувьд нь гандуу зуншлагатай байсан.
Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: Нийт нутгийн
11% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)
9% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
42% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
9% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
29% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.
Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 40 (42.2) гаруй хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 40 (38.0) орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш буюу олон дахин бэлчээрийн даац хэтэрч гарлаа.
Энэ жил ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, нэгжийн ургац муу, нийт сумдын малын тоо хэт их байгаа нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон.
Бэлчээрийн даацыг сум, багийн дүнгээр авч үзвэл: Эрдэнэбүрэн сумын Харус, Мянгад сумын Баянбулаг, Цагаанбулан, Баянхошуу, Дөргөн сумын Агваш, Өгөөмөр, Чандмань сумын Баянхайрхан, Жаргалант сумын нийт нутаг, Буянт сумын Цагаанэрэг, Цагаанбургас, Наранхайрхан, Зэрэг сумын Гүвээ, Бураа, Хөндлөн, Мөст сумын Улаантолгой, Хужирт, Баянхайрхан, Дарви сумын Мөрөн, Булган, Булган сумын Алагтолгой, Бүрэнхайрхан, Баянсудал, Алтай сумын Тахилт, Үенч сумын Хөхүзүүр, Дуут сумын Босго зэрэг багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Мянгад сумын Гахайт, Чацаргант, Дөргөн сумын Сээр, Чандмань сумын Сүлжээ, Манхан сумын Баянгол, Улаанхүрээ,Төгрөг гол Үенч сумын Жаргалан багуудын нутгаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар), хэтэрсэн, Эрдэнэбүрэн сумын Баянгол, Хонгио, Шураг, Дөргөн сумын Аргалант, Ховд сумын Баруунсалаа, Улаанбураа, Цагаанбургас, Дундус, Мөнххайрхан сумын нийт нутаг, Дуут сумын Хөхбэлчир, Шивэр, Манхан сумын Тахилт, Ботгон, Чандмань сумын Урдгол, Жаргалант, Тахилт, Талынбулаг, Зэрэг сумын Эхэн, Дарви сумын Булаг, Мөст сумын Давст, Цэцэггол, Цэцэг сумын нийт нутаг, Алтай сумын Бодонч, Үенч сумын Нарийнгол, Булган сумын Далт багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна.
Харин Эрдэнэбүрэн сумын Намарзан, Ховд сумын Баянбулаг, Алтай сумын Бодонч, Үенч сумын Улиаст, Булган сумын Баянгол, Байтаг, Дуут сумын Цагаанбургас багуудын нутгаар бэлчээр бага зэргийн хүрэлцээтэй (ногоон) гарсан бол Алтай сумын Алтангадас, Барлаг, Дарви сумын Мөнгөнаяга, Дэлгэр, Үенч сумын Цагаантүнгэ, Буянт сумын Норжинхайрхан, Нарийнгол Манхан, Зэрэг сумдын Зэрэгийн гол дагуух нутгаар бэлчээр бага зэргийн нөөцтэй (хар ногоон) гарчээ.
Зөвлөмж: Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан Мянгад, Дөргөн, Буянт сумдын малчид хил залгаа аймаг сумдын нутагруу отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлдэж нөөцлөх, малын тоог бууруулах, Дөргөн сумын малчид Завхан аймгийн хил залгаа сумдруу отороор орох боломжтой, Мөст сумын малчид Алтай, Үенч сумдад отор нүүдлээр орох боломжтой ба эртнээс малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэнд оруулж, өвс тэжээл худалдан авах, татан байршуулах ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагтай байна.
Ийнхүү бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрхээр байгаа тул тус сумдын удирдлагууд орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж хадлан тэжээл бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, малын тоо толгойг бууруулах, хил залгаа бэлчээрийн нөөцтэй нутагруу отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, эртнээс зудын эрсдэлийг тооцож ажиллахыг зөвлөж байна
ХОВД АЙМАГ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ